“БҮХ НИЙТ БОЛОВСРОЛЫН ТӨЛӨӨ!” ИРГЭНИЙ НИЙГМИЙН ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД САНАЛАА ХҮРГҮҮЛЛЭЭ.

2002 онд батлагдсан боловсролын тухай хуулийг шинэчлэх ажил 2019 оны Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бөгөөд боловсролын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ ондоо багтаан Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжсний дараа Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгаа юм.

“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Удирдах зөвлөлийн хурлаас байгуулагдсан эвслийн 9 гишүүн байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсэг ажиллаж 4 удаагийн хэлэлцүүлэг хийж, санал, шүүмжээ тусган Боловсролын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх саналыг нэгтгэв. Уг ажлын хэсэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, эцэг эхийн холбоо, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо, Сургуулийн эцэг эх, багшийн үндэсний нэгдсэн холбоо, ЛГБТ төв, Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрчүүд-эрүүл гэр бүл төв, Бодлогод залуусын хяналт ТББ, Налайх дүүрэг дэх салбар зөвлөлийн зохицуулагч болон Боловсрол эвслийн зохицуулах алба ажиллаж боловсролын тухай хуулийг боловсруулахад сурч боловсрох эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах, хэрэгжүүлэх зарчим, ТХЗ-уудыг хангах, гишүүн байгууллагуудын ирүүлсэн санал болон боловсролын салбарын судалгаа, тойм, дүн шинжилгээнд тулгуурлан багц саналуудыг боловсруулсан болно.

Ажлын хэсгийн гишүүд боловсролын тухай багц хуулийн үзэл баримтлалыг шинээр боловсруулж багц хуулийн төслүүдэд ерөнхий санал, Эцэг, эхийн оролцоо, хувийн сургуулиудыг төрөөс зохицуулах шаардлага, хос хэлний боловсрол, иргэний нийгмийн байгууллагын оролцоо, боловсролын төсөв, санхүүжилт, тэгш хамруулан сургах, Багш нарын мэргэжлийн байгууллага байгуулах зэрэг 9 багц санал бэлтгэн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газарт хүргүүллээ.

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *