Боловсрол эвслийн дүрэм

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ОРШИЛ

Боловсрол нь хүн бүрийн өдөр тутмын амьдралд, насан турш нөлөөлөх үндсэн эрх, хүний хөгжлийн түлхүүр бөгөөд иргэн бүрт чанартай боловсрол олгох нь төрийн хүлээх гол үүрэг хариуцлага гэдэгт итгэн;

Өнөөгийн тогтолцоонд боловсролыг явцуу тодорхойлдог, хүн бүрийн ялгаатай байдлыг харгалздаггүй, ялгаварлан гадуурхдаг, хангалттай санхүүжилт олгодоггүй зэргээс шалтгаалан бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх үйл явцад цогц хандлага дутагдаж; боловсролын тогтолцооны үр өгөөж нь хувь хүний хүсэл тэмүүлэл, нийгмийн эрэлт хэрэгцээнээс асар зөрүүтэй байсаар ирсний улмаас үнэ цэнэтэй амьдарч, амьдралын чанараа дээшлүүлэх боломж олгохгүй байгаад сэтгэл зовнин;

Энэ нь эрх мэдлийн шударга бус бүтцийг бий болгож, тэгш бус байдлыг хадгалж үлдэх арга зам болж байгааг эсэргүүцэн;

Боловсролын чанар, хүртээмж, хариуцлагатай байдлын төлөө хүчээ нэгтгэн ажиллаж, энэ үйл явцад хувь хүн, иргэний нийгмийн байгууллага, бүлгүүдийг өргөнөөр татан оролцуулж, өргөн суурьтай, зохион байгуулалттай, хүчтэй хөдөлгөөн бий болгохыг чухалчлан;

Энэ үйл явцад нийгмийн бүх бүлэг, ялангуяа эрх мэдлийн цөөнхийн оролцоог хангахыг онцлон;

Иргэд, бүлгүүдийн мэдлэг, чадварыг хөгжүүлж, тулгарсан асуудлаа гаргаж ирэх, шийдлийг шаардах, хариуцлага тооцох чадавхтай болоход нь дэмжлэг үзүүлэхийг  эрмэлзэн;

Боловсролын тогтолцоог хүний мэдэх, бүтээх, хүний ёсоор хамтран амьдарч, нэр төртэйгээр оршиход суралцахуйц, хувь хүний потенциал, чадвар, чадавхыг нээж, эерэг зан үйл, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн, хүмүүнлэг, ардчилсан, хүн бүрийн эрхийг хангасан, тэгш хүртээмжтэй болгон өөрчлөхийг эрхэмлэн;

Хүүхэд, эцэг эх, багш, орон нутгийн бүлгүүд болон үндэсний, хэлний, соёлын, бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, орлого багатай иргэд зэрэг дуу хоолойгоо хүргэж, шийдвэр гаргахад оролцож чадахгүй байгаа бүлгүүдийг эрх мэдэлжүүлэх зорилгоор боловсролын тогтолцоо, бодлогод хяналт шинжилгээ, үнэлгээ хийх чадавхыг бүрдүүлэх, нөлөөлөх ур чадвараа дээшлүүлэх шаардлагыг ухамсарлан;

Хүний эрх, жендэрийн тэгш эрх, үл ялгаварлан гадуурхах, хүчирхийллээс ангид, хүлээцтэй байх, нээлттэй, ил тод, хариуцлагатай байх зарчмыг баримтлан;

Монгол улсад боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, төсвийг хянах, хариуцлага шаардах, бодлогод нөлөөлөх үндэсний кампанит ажил зохион байгуулах зорилгоор эвсэн нэгдсэнээ тунхаглаж, энэхүү дүрмийг харьцуулсан судалгаа, өргөн хүрээтэй, гүн гүнзгий, илэн далангуй хэлэлцүүлэгт суурилан боловсруулж, хамтран батлав.

Бүтэх унших:

Evsliin durem_2023

 

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *