“Тэгш хамруулах боловсрол” сургалт

“Тэгш хамруулах боловсрол” сургалт зохион байгуулагдлаа.
Монгол Улсын Боловсролын Их Сургууль дээр 2015 оны 5-р сарын 27-ноос 6-р сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Тэгш хамруулах боловсрол” сэдэвт багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт семинарын нээлт өчигдөр Багшийн сургуулийн Урлаг зааланд болов. Сургалтын нээлтийн арга хэмжээнд БСШУЯ-ны дэд сайд Я.Төмөрбаатар, МУБИС-ийн захирал доктор Д.Мөнхжаргал, Багшийн сургуулийн захирал доктор Д.Мандах, МУБИС-ийн дэд захирал дэд проф. Х.Тамир, АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны орлогч дарга Кристина Яанг, АНУ-ын TASH (ТААШ) байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн, Флоридагийн ИС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын багш доктор Рима Хатум,

Монголын “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн Үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалаг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо (ХБХЭЭХ)-ны захирал С.Сэлэнгэ нар болон гадаад, дотоодын зочин байгууллагын төлөөлөгчид, уг сургалтанд хамрагдах багш нар, хэвлэл мэдээллийн төлөөлөл өргөнөөр ирж оролцлоо.

Энэхүү сургалтыг зохион байгуулж буй МУБИС-ийн Багшийн сургуулийн багш нар, МУБИС Гадаад харилцааны алба, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо (ХБХЭЭХ), “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн Үндэсний эвсэл (БНБТ ИНҮЭ)-ийн хамтран зохион байгууллаа.

 

АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол Соёлын газраас Alumni Engagement Innovation Fund (AIEF) зарласан 2014-2015 оны төслийн уралдаанд (International Exchange Alumni) МУБИС-ийн Багшийн сургуулийн багш, тэгш хамруулах боловсролын судлаач, доктор Д. Одгэрэл ахлагчтай багийн хамт олон шалгарч хэрэгжүүлэх эрхээ авсан билээ. Улмаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэм болон боловсролд тэгш хамруулах чиглэлээр 40 орчим жил ажиллан мэргэшсэн АНУ-ын TASH (ТААШ) байгууллагатай түншлэн ажиллахаар болжээ.

Энэхүү сургалтыг TASH (ТААШ) байгууллагыг төлөөлөн, тэгш хамруулах боловсролын чиглэлээр ЮНЕСКО-гийн шагнал хүртсэн, мөн энэ чиглэлээр багш бэлтгэх, хөтөлбөр боловсруулах, үнэлгээ хийх, бодлогын нөлөөллийн өргөн хүрээний мэдлэг туршлагатай багш доктор Рима Хатум удирдан явуулахаар хүрэлцэн ирээд байгаа юм.

Энэ сургалтанд МУБИС-ийн 5 бүрэлдэхүүн сургуулиудын 40 гаруй багш нар, бусад холбогдох талуудын төлөөлөл хамрагдах бөгөөд энэхүү 10 өдөр зохион байгуулагдах сургалт нь хөгжлийн бэрхшээлтэй болон бусад хүүхдүүдийг тэгш хамруулан чанартай сургах онол үзэл баримтлал, үндсэн ухагдахуунууд, стратеги, сургалтын арга зүйн талаарх оролцогчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилготой ажээ. Улмаар хөгжлийн бэрхшээлтэй болон бусад хүүхдийг чадамжинд нь тултал хөгжүүлж, тэдний амьдралын чанарыг сайжруулж чадах боловсролын үйлчилгээг үзүүлэх мэдлэг, хандлага, ур чадвартай багш нарыг бэлтгэхэд Монголын багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг чиглүүлэх юм.

Тэгш хамруулан сургах боловсролын талаар нэгдсэн нэг, төгс онч тодорхойлолт үгүй бөгөөд, дараах үндсэн зарчмуудтай холбож тайлбарладаг байна. Үүнд:

• Хүүхэд бүр сурч чадна.
• Боловсрол бүгдэд үр өгөөжтэй байна.
• Тэгш эрх, боломж, оролцоог хангасан амьдралын чанарыг хүн бүрт баталгаажуулна.
• Хүүхэд бүрийн хүйс, гарал угсаа, хэл, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн байдал, нийгмийн байдал зэргээр ялгаатай байхыг хүлээн зөвшөөрсөн, хүндэтгэн үзсэн, үнэлж үздэг байна.
• Боловсролын бүтэц, тогтолцоо, арга зүйг хүүхэд бүрийн эрэлт хэрэгцээг харгалзаж боловсруулсан байх нь зүйтэй.
• ТХСБ нь тэгш хамруулсан нийгэм рүү хөгжин дэвших стратегийн нэг хэсэг.
• Анги дүүргэлт, хүний болон материаллаг нөөцийн хомсдол нь ТХСБ-ыг хэрэгжүүлэхэд саад бэрхшээл болж болохгүй.

МУБИС сүүлийн хоёр жилийн хугацаанд тусгай хэрэгцээт боловсролд онцгойлон анхаарч энэ чиглэлээр бакалаврын болон магистрын сургалтыг нээн сургалтын үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ багш нараа чадавхжуулахад анхааран багш нараа гадаад дотоодод сургалтанд хамруулах, гадны туршлага бүхий орнуудаас зочин багш урьж ажиллуулах зэрэг олон арга хэмжээг тасралтгүй авсаар байгаа билээ. Энэ удаагийн сургалт мөн энэ зорилгыг хэрэгжүүлэх сургуулийн зорилго, үйл ажиллагаанд томоохон хувь нэмэр болох нь дамжиггүй юм.

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *