ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО 4: ИРГЭНИЙ НИЙГМИЙН ТОДРУУЛАГЧ ТАЙЛАН ХЭВЛЭГДЛЭЭ

Боловсрол эвсэл иргэний нийгмийн байгууллагын хувьд Монгол улсын төр засгаас олон улсын тавцанд авсан амлалтын улс орны түвшин дэх хэрэгжилтийг хянаж үнэлэх ёстой гэдэг итгэл үнэмшилтэй.

Тогтвортой хөгжлийн 4 дүгээр зорилго болох “Бүх хүн тэгш хамруулсан, эрх тэгш байдлыг хангасан, чанартай боловсрол эзэмших явдлыг баталгаажуулах ба бүх хүн насан туршдаа суралцах боломжийг хөхиүлэн дэмжих”-ийн явцын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгсөн тайланг 2015 оноос хойшх хугацаанд 3 дахь удаагаа олон нийтэд танилцуулж байна.

Монгол улсын хувьд Тогтвортой хөгжлийн 4 дүгээр зорилгын хэрэгжилт бусад 16 зорилгуудтай харьцуулахад өндөр гэж харагдаж байгаа ч КОВИД-19 цар тахлын сөрөг нөлөөллөөс шалтгаалан тодорхой ухралтууд гарч буйг та бүхэнд харуулахыг хүслээ. Гэхдээ зайны сургалтад шилжиж, боловсролыг тасралтгүй олгох хүчин чармайлт гаргасны хүчээр Монгол улсын боловсролын тэгш хамруулах байдал, боловсролд эрх тэгш байдлыг хангах чиглэлээр цаашид юу хийх ёстой вэ гэдгээ бодлого боловсруулагчид, хэрэгжүүлэгчид олж харсан гэдэгт бид итгэж байна.

Тогтвортой хөгжлийн 4 дүгээр зорилгын хэрэгжилтийг “Action for Sustainable Development” буюу ТХЗ-уудын хэрэгжилтийг шаардах олон улсын санаачилгаас боловсруулсан иргэдээс оноо өгөх аргачлалын дагуу үнэлсэн байдал, түүний үндэслэлийг тайлбарласан гэсэн 2 хэсгээс уг тайлан бүтнэ. Мөн КОВИД-19 цар тахлын үеийн боловсролын салбарт тулгамдсан сорилт, бэрхшээлийг тусад нь үнэлж бичлээ.

КОВИД-19 цар тахлын үед Боловсрол эвсэл идэвхтэй ажиллаж, “Ковид 19 боловсролд үзүүлж буй нөлөө”, “Ковид 19-ын шалтгаант хөл хорионы үеийн багшлахуй, суралцахуй”, “Ковид 19 цар тахал тодорхой бүлгийн залууст хэрхэн нөлөөлсөн бэ?” судалгаанууд хийж чадсан ба эдгээр судалгаа, мониторингийн тайлангуудыг “Иргэний нийгмийн тодруулагч тайлан”-д өргөнөөр ашиглалаа. Үнэлгээ, дүгнэлт тайланг Боловсрол эвслийн гишүүдийн уулзалтаар хэд хэдэн удаа хэлэлцэж, баталгаажуулсныг дуулгахад таатай байна.

Тайланг бичихэд хувь нэмрээ оруулсан Экпат Монгол сүлжээний зохицуулагч Б.Ихтамир, Тогтвортой хөгжлийн 4 дүгээр зорилгын ерөнхий хэрэгжилтийг үнэлэх, үүнд хэрэгжүүлэх бодлого, стратегийг авч үзэх, ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд иргэний нийгэм, орон нутгийн захиргаа, донорууд болон бусад өргөн хүрээний талуудын оролцоог үнэлэх зэргээр хэрэгжилтийн үнэлгээний үндэслэл нотолгоо хэсгийг боловсруулсан зөвлөх Ц.Мандхайхатан нарт талархсанаа илэрхийлье!

Spotlight Report 2020-2022

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн