all4education

Just another WordPress site

Боловсролын бодлого, тогтолцоонд нөлөөлөх

Иргэний нийгмийн үндэсний эвслийг үүсгэн санаачлагч

Үндсэн бүлгийн гишүүдийн хурлын шийдвэрээр

2010 оны 9-р сарын 3-ны өдөр батлав.

 

“БҮХ НИЙТ БОЛОВСРОЛЫН ТӨЛӨӨ!”

ИРГЭНИЙ НИЙГМИЙН ҮНДЭСНИЙ ЭВСЛИЙН ДҮРЭМ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ОРШИЛ

Боловсрол нь хүн бүрийн өдөр тутмын амьдралд, насан турш нөлөөлөх үндсэн эрх, хүний хөгжлийн түлхүүр бөгөөд иргэн бүрт чанартай боловсрол олгох нь төрийн хүлээх гол үүрэг хариуцлага гэдэгт итгэн;

Өнөөгийн тогтолцоонд боловсролыг явцуу тодорхойлдог, хүн бүрийн ялгаатай байдлыг харгалздаггүй, ялгаварлан гадуурхдаг, хангалттай санхүүжилт олгодоггүй зэргээс шалтгаалан бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх үйл явцад цогц хандлага дутагдаж; боловсролын тогтолцооны үр өгөөж нь хувь хүний хүсэл тэмүүлэл, нийгмийн эрэлт хэрэгцээнээс асар зөрүүтэй байсаар ирсний улмаас үнэ цэнэтэй амьдарч, амьдралын чанараа дээшлүүлэх боломж олгохгүй байгаад сэтгэл зовнин;

Энэ нь эрх мэдлийн шударга бус бүтцийг бий болгож, тэгш бус байдлыг хадгалж үлдэх арга зам болж байгааг эсэргүүцэн;

Боловсролын чанар, хүртээмж, хариуцлагатай байдлын төлөө хүчээ нэгтгэн ажиллаж, энэ үйл явцад хувь хүн, иргэний нийгмийн байгууллага, бүлгүүдийг өргөнөөр татан оролцуулж, өргөн суурьтай, зохион байгуулалттай, хүчтэй хөдөлгөөн бий болгохыг чухалчлан;

Энэ үйл явцад нийгмийн бүх бүлэг, ялангуяа эрх мэдлийн цөөнхийн оролцоог хангахыг онцлон;

Иргэд, бүлгүүдийн мэдлэг, чадварыг хөгжүүлж, тулгарсан асуудлаа гаргаж ирэх, шийдлийг шаардах, хариуцлага тооцох чадавхтай болоход нь дэмжлэг үзүүлэхийг  эрмэлзэн;

Боловсролын тогтолцоог хүний мэдэх, бүтээх, хүний ёсоор хамтран амьдарч, нэр төртэйгээр оршиход суралцахуйц, хувь хүний потенциал, чадвар, чадавхыг нээж, эерэг зан үйл, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн, хүмүүнлэг, ардчилсан, хүн бүрийн эрхийг хангасан, тэгш хүртээмжтэй болгон өөрчлөхийг эрхэмлэн;

Хүүхэд, эцэг эх, багш, орон нутгийн бүлгүүд болон үндэсний, хэлний, соёлын, бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, орлого багатай иргэд зэрэг дуу хоолойгоо хүргэж, шийдвэр гаргахад оролцож чадахгүй байгаа бүлгүүдийг эрх мэдэлжүүлэх зорилгоор боловсролын тогтолцоо, бодлогод хяналт шинжилгээ, үнэлгээ хийх чадавхыг бүрдүүлэх, нөлөөлөх ур чадвараа дээшлүүлэх шаардлагыг ухамсарлан;

Хүний эрх, жендэрийн тэгш эрх, үл ялгаварлан гадуурхах, хүчирхийллээс ангид, хүлээцтэй байх, нээлттэй, ил тод, хариуцлагатай байх зарчмыг баримтлан;

Монгол улсад боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, төсвийг хянах, хариуцлага шаардах, бодлогод нөлөөлөх үндэсний кампанит ажил зохион байгуулах зорилгоор эвсэн нэгдсэнээ тунхаглаж, энэхүү дүрмийг харьцуулсан судалгаа, өргөн хүрээтэй, гүн гүнзгий, илэн далангуй хэлэлцүүлэгт суурилан боловсруулж, хамтран батлав.

ХОЁРДУГААР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

2.1    “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл нь (цаашид энэ дүрэмд “Эвсэл” гэнэ) энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрч, ардчилсан зарчмын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн хувь хүн, бүлгүүд, иргэний нийгмийн байгууллагуудын сайн дурын, чөлөөт нэгдэл мөн.

2.2    Эвсэл нь төрийн байгууллагаас болон аливаа улс төр, эдийн засгийн явцуу ашиг сонирхлоос хараат бус, үл намчирхдаг, нийгэмд үйлчилдэг, ашгийн бус, төрийн бус байгууллага байна.

2.3    Эвслийн оноосон нэр нь монгол хэлээр “Бүх нийт боловсролын төлөө!,” хураангуйлснаар “БНБТ!,” англи хэлээр “All for Education!,” хураангуйлснаар “AFE!” байна.

2.4    Үүсгэн байгуулагч Үндсэн бүлгийн гишүүдээс Эвслийг байгуулах тухай шийдвэр гаргаж, дүрмийг баталснаар байгуулагдсанд тооцно.

2.5    Эвсэл нь хуулийн этгээд байж болно. Өөрийн бэлгэдэл, тамга тэмдэг, албан   бичгийн хэвлэмэл хуудас, банкны данстай байж болно.

2.6    Эвсэл нь өөрийн үнэт зүйл, зарчимтай байна. Эвслийн бүх бодлого, стратеги, шийдвэр, үйл ажиллагаа нь энэ дүрэмд тусгагдсан үнэт зүйл, зарчимд  суурилна. Эвсэл нь Монгол улсын Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, Монгол улсын бусад хууль болон Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн үзэл санаа, зарчмын дагуу үйл ажиллагаа явуулна.

2.7    Эвсэл нь жилийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа холбогдох байгууллагуудад хууль болон гэрээгээр тогтоосон хугацаанд гаргаж өгнө. Эвслийн тайлан олон нийт, гишүүддээ нээлттэй байна.

2.8    Эвслийн удирдах, зохицуулах байгууллага нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод төвлөрөн, үйл ажиллагаагаа үндэсний хэмжээнд явуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГБАРИМТЛАХ ЗАРЧМУУД

3.1         Сайн дурын гишүүнчлэлд суурилна: Эвслийн үнэт зүйлс, зарчим, бодлого, стратеги, дүрмийг хүлээн зөвшөөрч, гишүүнчлэлийн шалгуурыг хангасан, Тунхагт  нэгдсэн аливаа хувь хүн, бүлэг, иргэний нийгмийн байгууллагыг  эгнээндээ нэгтгэхэд бэлэн байна.

3.2         Хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлнэ: Эвсэл нь өөрөө өөрийгөө удирдаж, санхүүжүүлнэ. Өөрийн удирдлагыг хамтын удирдлагын зарчмаар хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа чөлөөтэй, бие даан явуулна. Гишүүд тэгш эрхтэйгээр, итгэлцэл, хүндэтгэлд суурилан, харилцан ойлголцлыг эрхэмлэж ажиллана. Гишүүдийн бие даасан байдлыг хүндэтгэж, дотоод хэрэгт нь үл оролцоно.

3.3       Ил тод, нээлттэй, ардчилсан зарчмаар ажиллана: Эвсэл нь ардчиллын бүх үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж, үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлнэ. Эвслийн аливаа бодлого, шийдвэр, үйл ажиллагаа нь гишүүд, олон нийтэд ил тод, нээлттэй байна.

3.3         Хүмүүсийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, олонлог төлөөллийг хангана: Иргэний нийгмийн олон салбар, нийгмийн олонлог төлөөллийг, ялангуяа үндэсний, хэлний, бэлгийн цөөнх; эмэгтэйчүүд, хүүхдүүд, залуус, ахмад үеийнхэн; хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, хөдөө орон нутаг, гэр хорооллын иргэд зэрэг эрх мэдлийн цөөнх; боловсрол эзэмших боломжоор хязгаарлагдмал, гадна үлдсэн болон эрсдэлт, эмзэг бүлгүүдийг  хамруулна.

3.4       Манлайллыг хөгжүүлэхэд үйлчилнэ: Хүмүүс эрх ашиг, сонирхол, хэрэгцээ, туршлагаа илэрхийлж, өөрсдийгөө төлөөлөн дуугарч, тулгамдсан асуудлаа тодорхойлж, түүнийг даван туулах боломж, шийдлийг хамтдаа төлөвлөж, эрх ашгийнхаа төлөө эвлэлдэн нэгдэж, өөрчлөлт, шинэчлэлийн төлөө нөлөөлж чаддаг болгоход Эвсэл үйлчилнэ.

3.5       Оролцоо, олон ургальч үзэлд тулгуурлана: Аливаа бодлого, шийдвэрийг гарахаас нь өмнө оролцож, асуудлыг шийдлийн хамт тодорхойлохыг эрмэлзэнэ.  Нээлттэй, бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлж, зөвшилцөлд хүрэх зарчмаар хамтын шийдвэрээ гаргаж, төлөөллөө хангана.

3.6       Нээлттэй, тэгш хамтын ажиллагаа, өргөн түншлэлийг хөгжүүлнэ: Эвсэл нь төрийн ба иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллага, хувийн хэвшил, хувь хүмүүс зэрэг бүхий л талуудтай зорилгынхоо хүрээнд үр нөлөөтэй хамтран ажиллахад нээлттэй байна.

3.7         Хариуцлага, үр дүнг шаардах иргэдийн чадавхыг хөгжүүлнэ: Эвсэл нь бодлого боловсруулах, төсөв батлах, түүний гүйцэтгэлд хяналт тавих иргэдийн  оролцоог хангахад нөлөөлж ажиллана. Боловсролын чанарын хамгийн дээд стандартад хүрэхийг байнга эрмэлзэж, үйл ажиллагаа, түүнийхээ үр дүнгийн талаар хариуцлага хүлээхийг төр засгаас шаардах чадавхыг иргэд, бүлгүүдэд бий болгохын төлөө ажиллана.

3.8         Өндөр ёс зүй, хариуцлагыг баримталж, ашиг сонирхлын зөрчлөө тухай бүр мэдээлж зохицуулна: Эвслийн гишүүд ёс зүйн өндөр хэм хэмжээг баримтлан, хамтран хөгжих, харилцан суралцах, оролцогчид болон иргэд, хэрэглэгч, олонлог төлөөлөл, хүмүүсийн нийтлэг бүлгүүдийг чадавхжуулах үйл явцыг эрхэмлэн ажиллана. Гишүүд Эвслийн нэрийн өмнөөс ажиллахдаа гэр бүлийн, хувийн болон бизнесийн харилцааны зүй бус нөлөөлөлд орохоос зайлсхийнэ. Сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд түүнийгээ зүй зохистой тодорхойлж, холбогдох удирдлагад мэдээлж, үр нөлөөтэй, ил тод байдлаар зохицуулна.

3.9         Хүчирхийллээс ангид, хүлээцтэй хандлагыг баримтална: Аливаа хүчирхийлэл, түрэмгийллээс ангид байж, хэнийг ч үл ялгаварлана. Аль нэг шашныг баримтлахгүй, номлохгүй, бүгдэд хүндэтгэлтэй, тэнцвэртэй хандана.

3.10      Шударга ёс, хуулийг удирдлага болгоно: Эвсэл нь шударга ёсыг удирдлага болгон, үйл ажиллагаагаа Монгол улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн явуулна. 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО

4.1    Эвслийн алсын хараа нь “Хүүхэд, насанд хүрэгч бүрт хүртээмжтэй; хүний эрх, жендэрийн тэгш эрхэд суурилсан; үнэт зүйл, мэдлэг, ур чадвар хосолсон цогц чадамжийг өөртөө тохиромжтойгоор, аливаа ялгаварлан гадуурхалтгүйгээр амьдралын бүх хүрээнд, насан туршдаа эзэмших боломжтой; эрүүл, аюулгүй орчин бүрдсэн; ялгаатай хэрэгцээг харгалзсан; хүмүүнлэг, ардчилсан; бүх нийтийн; ил тод, хариуцлагатай; хангалттай санхүүжилттэй; иргэдийн оролцоо бүхий боловсролын тогтолцоо” байна.

4.2    Эвслийн эрхэм зорилго нь иргэний нийгмийн олон салбар, нийгмийн олонлог төлөөллийг, ялангуяа үндэсний, хэлний, бэлгийн цөөнх; эмэгтэйчүүд, хүүхдүүд, залуус, ахмад үеийнхэн; хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, иргэд, хөдөө орон нутаг, гэр хорооллын иргэд зэрэг дуу хоолойгоо олон нийт, төр, засагт хүргэж, шийдвэр гаргахад оролцож чадахгүй байгаа бүлгүүдийг чадваржуулах, харилцаа, хамтын ажиллагааны орон зайг бий болгох замаар тэдэнд тулгарч буй бэрхшээлийг арилгах, нөхцөл байдлыг өөрчлөх чадвартай болгон, эрх мэдлийг нь нэмэгдүүлж, боловсролын бодлого, тогтолцоог цогцоор нь шинэчлэхэд  оршино.

ТАВДУГААР БҮЛЭГ. ЗОРИЛТУУД

Эвсэл нь эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дор дурдсан үндсэн зорилтуудыг хэрэгжүүлнэ:

5.1    Эвслийг чадавхжуулах: Боловсролын бодлогод бодитой хувь нэмэр оруулдаг, оролцоонд тулгуурлан ажилладаг, төлөөллийг хангасан, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, үндэсний хэмжээний хүчирхэг Эвсэл байхын тулд  бүх шатанд хүний эрх, жендэрийн тэгш эрхийн зарчимд суурилан бодлого, санхүүжилт, төсөвт дүн шинжилгээ хийх, нөлөөлөх чадавхаа бэхжүүлэх;

5.2    Бодлогод нөлөөлөх баримт, нотолгооны суурийг бэхжүүлэх: Бодлогын баримт бичгүүдийг олон нийтэд ойлгомжтой, энгийн болгон хүргэх, тэдгээрт мониторинг, дүн шинжилгээ, үнэлгээ хийсэн тайланг өргөн хүрээнд хэлэлцүүлэх замаар иргэдэд эрхээ мэдэх, зөрчигдсөн тохиолдолд шаардах, хариуцлага тооцох чадавхтай болоход нь дэмжлэг үзүүлэх;

5.3    Боловсролын бодлогын концепци/үзэл баримтлалыг Иргэний нийгмийн альтернатив байр сууринаас боловсруулан нөлөөлөх: Боловсролын чанарын үзүүлэлт, шалгуур хэмжүүрийг бүх нийтийн боловсролд түшиглэн, ерөнхий, сэдэвчилсэн, бүлгийн онцлогт нийцсэн байдлаар гаргаж, иргэний нийгмийн концепци/үзэл баримтлалыг  альтернатив  хэлбэрээр боловсруулан бодлогод нөлөөлөх;

5.4    Олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, хандлага, зан үйлд нөлөөлөх үндэсний кампанит ажлыг өрнүүлэх: Олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж, хандлага, зан үйлд нөлөөлөх үндэсний кампанит аяныг өрнүүлж, хувь хүн, бүлгүүдийн оролцоог сайжруулах, дуу хоолойг нэгтгэх, тэдний нөлөөллийн бүлгүүдэд нь мэдээлэл, аргазүйн дэмжлэг үзүүлж хүчирхэгжүүлэх, энэ чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, иргэний нийгмийн салбар, байгууллага, бүлгүүдийн хоорондох уялдаа холбоо, хамтын ажиллагааг өрнүүлэх, үндэсний зөвшилцлийг бий болгох;

5.5    Боловсролын бодлого, тогтолцоонд нөлөөлөх: Бүх нийтийн боловсролын санаачилгад тулгуурлан, иргэний нийгмийн үзэл баримтлалыг боловсролын чанарыг хэмжих  үзүүлэлтүүдтэй хамт боловсруулан хөгжүүлж, Засгийн газар, боловсролын байгууллагууд, хандивлагчдад чиглэсэн иргэний нийгмийн үндэсний кампанит ажлыг жил бүр өрнүүлж, үндэсний болон орон нутаг, байгууллага, нэгжийн түвшинд тууштай нөлөөлөх;

5.6    Санхүүгийн тогтвортой, бие даасан байдлыг бий болгох, бэхжүүлэх: Үйл ажиллагаагаа тууштай, тогтвортой авч явах чадвартай болгох үүднээс нөөцийг дайчлах стратеги боловсруулан, иргэний нийгмийн боловсролын үндэсний санг үүсгэн байгуулах суурийг тавих, хөгжүүлэх, санхүүжилтийг төрөлжүүлэн өргөн суурьтай болгох.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭ

6.1    Эвсэл нь үндсэн зорилго, зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд дараах үндсэн хүрээнд үйл ажиллагаа явуулна:

(а) Бодлогын дүн шинжилгээ, хэрэгжилтийн үнэлгээ;

(б) Төсөв, санхүүжилтийн хөндлөнгийн мониторинг;

(в) Бодлогын хэлэлцүүлэг;

(г)  Бодлогын нөлөөлөл;

(д) Олон нийтийн кампанит ажил;

(е) Хамт олны хөгжил;

(ё) Гишүүнчлэлийн өргөжилт, бэхжилт;

(з) Хөдөлгөөн өрнүүлэлт;

(и) Байгууллагын хөгжил, чадавх бэхжүүлэлт;

(к) Хөрөнгө, нөөцийг дайчлалт.

6.1         Эвслийн үйл ажиллагаа нь дээрх хүрээгээр хязгаарлагдахгүй.

 ДОЛООДУГААР БҮЛЭГ. ХАМТРАН АЖИЛЛАХ ХЭЛБЭР

7.1       Эвсэл нь үндсэн зорилгоо үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд үндэсний, түүнчлэн  олон улсын төрийн болон ТББ, бусад байгууллагатай дараах хэлбэрээр хамтран ажиллана:

(а) Мэдээллээ харилцан солилцох, туршлага, арга зүйгээ хуваалцах;

(б) Мэдлэг, туршлага, хүч, нөөцөө нэгтгэн, хамтран ажиллах, харилцан туслалцах;

(в)  Нийтлэг алсын хараа, ашиг сонирхол, нэгэн зорилгын төлөө сүлжээнд нэгдэн ажиллах;

(г)  Тэгш эрхт, үр дүнтэй түншлэлийг хөгжүүлэх;

(д) Хүчтэй, зохион байгуулалттай, өргөн суурьтай хөдөлгөөн өрнүүлэх;

(е) Нэгдмэл байр суурь, үзэл санаа, зарчимд тулгуурлан шударга ёс, хариуцлагыг шаардах, бодлогод нөлөөлөх.

НАЙМДУГААР БҮЛЭГ. ГИШҮҮНЧЛЭЛ

8.1         Гишүүнчлэл

8.1.1     Эвслийн үнэт зүйлс, зарчим, бодлого, стратеги, дүрмийг хүлээн зөвшөөрч, гишүүдэд тавигдах шаардлагыг хангасан, Тунхагт нэгдсэн аливаа хувь хүн, бүлэг, иргэний нийгмийн байгууллага сайн дурын үндсэн дээр  гишүүнээр элсэж болно.

8.1.2     Эвслийн гишүүнчлэлд тавигдах шаардлага, зорилго, үнэт зүйл, зарчимд  тулгуурлан, гишүүн элсүүлэхдээ нээлттэй бодлого барина. Нас, хүйс, гарал үүсэл, анги, нийгмийн давхарга, газарзүйн байршил, бэлгийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл зэргээс шалтгаалан ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг мөрдлөг болгоно. Эвслийн гишүүнчлэлийг нийгмийн бүлгийн олон талт, ялгаатай байдал, туршлагыг төлөөлөхүйц байлгахыг эрмэлзэнэ.

8.1.3     Сүлжээ, эвсэл, холбоо зэрэг байгууллагуудын нэгдэл гишүүнээр элсэх тохиолдолд тухайн нэгдлийг төлөөлөх байгууллага, хувь хүнийг бүх гишүүдээрээ хэлэлцэн сонгож, холбогдох хурлын протокол, шийдвэрийн хамт үүсгэн байгуулагч буюу Удирдах зөвлөлд ирүүлнэ.

8.1.4     Эвсэлд улс төрийн нам, түүний эвсэл, тэдгээрийн харъяа болон дэмжигч байгууллагууд гишүүнээр нэгдэхийг хориглоно.

8.1.5     Эвсэлд гишүүн элсүүлэх асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Удирдах зөвлөлийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.

8.2     Гишүүнд тавигдах шаардлага

8.2.1     Эвслийн үнэт зүйл, зарчим, дүрэм, бодлого, стратегийг хүлээн зөвшөөрч, Тунхагт нэгдэн орсон;

8.2.2     Хүний эрх, жендэрийн тэгш эрх, ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэж, өдөр тутмын үйл ажиллагаандаа баримталдаг;

8.2.3     Намчирхдаггүй, төрийн байгууллагаас болон аливаа улс төр, эдийн засгийн явцуу ашиг сонирхлоос хараат бус ажилладаг;

8.2.4     Аливаа хүнийг нас, хүйс, гарал үүсэл, нийгмийн байдал, бэлгийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, арьсны өнгө зэргээр үл ялгаварлан гадуурхдаг;

8.2.5     Аливаа түрэмгийлэл, хүчирхийллээс ангид байж, итгэлцэл, хүндэтгэл, харилцан ойлголцол, зөвшилцлийг эрхэмлэдэг;

8.2.6     Хэт туйлширсан үйл ажиллагаа  явуулдаггүй байх.

8.3     Гишүүнчлэлийн төрөл

Эвслийн гишүүнчлэл нь дараах 2 төрөлтэй байна:

8.3.1     Гишүүн байгууллага

Энэ ангилалд  гишүүнээр элссэн бүлэг, төрийн бус байгууллага багтана. (Энэ дүрэмд цаашид гишүүн байгууллага гэнэ).

8.3.2      Дэмжигч гишүүн

Энэ ангилалд Эвслийн үнэт зүйл, зарчим, стратеги, зорилго, үйл ажиллагааг дэмжин, эв санааны нэгдлээ илэрхийлж, боловсролын бодлого, тогтолцоог шинэчлэхийн төлөө хувь нэмэр оруулах сонирхолтой байгаа хувь хүн багтана.

8.4         Гишүүний эрх

8.4.1     Эвслийн гишүүн нь дор дурдсан нийтлэг эрхийг эдэлнэ:

(а) Эвслээс зохион байгуулж буй үйл ажиллагаанд хамрагдах, өөрийн төлөөлөгчийг оролцуулах;

(б) Эвслээс шаардлагатай мэдээлэл, аргазүйн зөвлөгөө, дэмжлэг, туслалцаа авах;

(в) Эвслийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт, шинжилгээ хийх, үнэлгээ өгөх;

(г) Эвслийн удирдах бүтцэд өөрийн байгууллага, гишүүдийн эрх ашиг, үйл ажиллагаатай холбоотой тодорхой санал, хүсэлтийг хэлэлцүүлэх;

(д) Эвслийн гишүүнчлэлээс гарах.

8.4.2   Гишүүн байгууллага нь 8.4.1-д заасан гишүүний нийтлэг эрхийн зэрэгцээ Чуулганд төлөөлөгч сонгох, саналын эрхтэй оролцох; Удирдах зөвлөл, Дүрмийн хороо, бусад сонгуульт албан тушаалд нэр дэвшүүлэх, сонгох, сонгогдох  эрхийг эдэлнэ.

8.5         Гишүүний үүрэг

8.5.1     Эвслийн гишүүн нь дор дурдсан нийтлэг үүргийг хүлээнэ:

(а) Эвслийн дүрмийг сахин биелүүлж, стратеги, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай оролцох;

(б) Гишүүнчлэлийн татварыг тогтсон журмын дагуу төлөх;

(в) Эвсэл болон түүний гишүүнийг үндэслэлгүйгээр гүтгэх, доромжлох, сөрөг сурталчилгаа явуулах, бусадтай тохиролцох, үгсэн хуйвалдах зэрэг ямар нэгэн байдлаар нэр хүндэд нь халдаж, дарамт шахалт үзүүлэхгүй байх.

8.5.2     Гишүүн байгууллага нь 8.5.1-д зааснаас гадна Эвслээс санал авахаар хүргүүлсэн аливаа асуудлуудыг байгууллагаараа хэлэлцүүлж, саналыг нэгтгэн, хариу мэдээлэх үүргийг хүлээнэ.

8.6         Гишүүнчлэлийн татвар

8.6.1     Гишүүн байгууллага болон дэмжигч гишүүний татварын ангилал, шатлал, хэмжээг  Удирдах зөвлөл тогтооно.

8.6.2     Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гишүүн байгууллагыг тодорхой хугацаанд татвараас чөлөөлөх буюу хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг Удирдах зөвлөлийн хурлаас гаргаж болно.

8.6.3     Шинээр элссэн гишүүний татвар төлөх хугацаа нь Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн тооцогдоно.

8.6.4     Гишүүн нь хөдөлгөөнд хувь нэмрээ оруулах үүднээс гишүүнчлэлийн татвараас гадна мөнгөн дэмжлэг үзүүлж болно.

8.7         Гишүүнчлэлээс гарах, чөлөөлөх

8.7.1     Гишүүнчлэлээс гарах нь гишүүн бүрт нээлттэй байх ба энэ тухайгаа Ерөнхий зохицуулагчид 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ. Ерөнхий зохицуулагч Удирдах зөвлөлд энэ тухай танилцуулснаар тухайн гишүүнийг  Эвслээс гарсанд тооцно.

8.7.2     Гишүүнийг дор дурдсан тохиолдолд Эвслийн гишүүнчлэлээс чөлөөлнө:

(а) Эвслийн дүрмийг ноцтой зөрчсөн;

(б) Эвслийн нийтлэг эрх ашиг, эв нэгдэлд харш, нэр хүндийг гутаахаä чиглэсэн үйл ажиллагаа санаатай явуулсан, дэмжсэн, энэ төрлийн үйл ажиллагаанд оролцсон;

(в) Эвслийн нэрийг ашиглан хууль бус үйлдэл хийсэн нь тогтоогдсон;

(г) Удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр Эвслийн нэрийн өмнөөс мэдэгдэл хийсэн;

(д) Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гишүүнчлэлийн татвараа нэг жилээс дээш хугацаагаар төлөөгүй.

8.7.3      Энэхүү дүрмийн 8.7.2-т заасан үндэслэлээр Эвслийн гишүүнчлэлээс чөлөөлөх тохиолдолд Дүрмийн хороо хянан үзэж, дүгнэлт гаргасан байна.

8.7.4     Эвслээс чөлөөлөх асуудлыг Дүрмийн хорооны шийдвэрийг үндэслэн Удирдах зөвлөлөөр хэлэлцэж, хуралд оролцсон нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.

8.7.5     Эвслээс өөрийн хүсэлтээр гарч, чөлөөлөгдөж байгаа гишүүнд түүний Эвсэлд өмнө төлсөн гишүүний татвар, хандивыг буцаан олгохгүй.

8.7.6     Эвслээс өөрийн хүсэлтээр гарч, чөлөөлөгдөж байгаа гишүүнд энэ тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн Эвслийн эрх барих, удирдах бүтцэд өөрийн төлөөлөлтэй байх болон бусад эрх, үүрэг дуусгавар болно.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ.  УДИРДЛАГА, БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

9.1       Эвсэл нь дараах бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулна:

(а) Чуулган

(б) Удирдах зөвлөл

(в) Дүрмийн хороо

9.2         Чуулган

9.2.1     Эвслийн эрх барих дээд байгууллага нь Чуулган байна. Чуулган  2  жил тутамд хуралдана.

9.2.2     Чуулганы тов, хэлэлцэх асуудал, төлөөлөгч сонгох журам болон төлөөлөгчдийн тоог Удирдах зөвлөлийн хурлаас тогтоож, Чуулган хуралдахаас хоёр сараас доошгүй хугацааны өмнө гишүүн байгууллагуудад мэдэгдэнэ.

9.2.3     Чуулганаар хэлэлцэн батлах баримт бичгийн төслүүдийг урьдчилан боловсруулж, нэг сарын өмнө гишүүн байгууллагуудад хүргүүлсэн байна.

9.2.4     Ээлжит бус Чуулганыг Удирдах зөвлөлийн нийт гишүүдийн буюу гишүүн байгууллагуудын тавиас дээш хувийн шаардлагаар хуралдуулж болно.

9.2.5     Ээлжит бус Чуулган хуралдуулах шаардлага тавигдсан тохиолдолд шаардлага тавигдсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор Удирдах зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулна.

9.2.6     Ээлжит бус Чуулганы тов, хэлэлцэх асуудал, зарлах хугацаа болон төлөөлөгч сонгох зарчим нь ээлжит Чуулгантай адил байна. Ээлжит бус Чуулган хуралдуулахаар зарлах хугацааг богиносгож болно.

9.2.7     Чуулганд сонгогдсон нийт төлөөлөгчдийн гуравны хоёр нь оролцсон тохиолдолд тус Чуулганыг хүчин төгөлдөр гэж үзнэ. Чуулганд  гишүүн байгууллага бүр нэг саналын эрхтэйгээр оролцох бөгөөд шийдвэрийг нийт оролцогчдын ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

9.2.8     Чуулган дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

(а) Эвслийн дүрэм, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлах;

(б) Эвслийн бодлого, стратегийг батлах;

(в) Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх, үнэлэлт өгөх;

(г) Дүрмийн хороог сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх, үнэлэлт өгөх;

(д) Эвслийг өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах.

9.2.9     Чуулганыг чиглүүлэх, түүний явц, зохион байгуулалттай холбогдсон асуудлыг шийдвэрлэх, сонгууль удирдан явуулах, хурлын шийдвэрийг хэлбэржүүлэх зэрэг үүрэг гүйцэтгэх хуралдаан даргалагчийг тухайн хуралдаанаас сонгоно. Хуралдааны явцыг протоколд тэмдэглэж, хуралдаан даргалагч, протокол хөтлөгч нар гарын үсэг зурна. Хурлын шийдвэрийг хурал даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна.

9.3         Удирдах зөвлөл

9.3.1   Чуулган хооронд удирдах байгууллага нь уг хурлаас хоёр  жилээр сонгогдсон, хамтын удирдлагын зарчмаар ажилладаг  Удирдах зөвлөл байна.

9.3.2   Удирдах зөвлөл нь орон тооны бус, 9-11 хүний бүрэлдэхүүнтэй, тус бүр саналын нэг эрхтэй байна.

9.3.3   Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгийг 2 жил тутамд ротацид оруулах буюу сэлгэнэ. Удирдах зөвлөлд нэг удаа улиран сонгогдож болно. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгохдоо хүүхэд, залуус, хөгжлийн бэрхшээлтэй болон орон нутгийн хүмүүс; үндэстний, хэлний, бэлгийн цөөнх; хүний эрх, хүүхэд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төлөөллийг харгалзах зэргээр оролцоог хангах зарчмыг  баримтална.

9.3.4   Удирдах зөвлөл жилд хоёроос доошгүй удаа хуралдана. Удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр нь оролцож, хуралдааны дэг, ирц, Эвслийн суурь зарчмыг баримталсан шийдвэр хүчинтэйд тооцогдох ба хэлэлцэх асуудлыг гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.

9.3.5     Гишүүд биечлэн оролцох боломжгүй тохиолдолд саналаа бичгээр өгснийг оролцсонд тооцно.

9.3.6     Удирдах зөвлөлийн хуралд хуулийн зөвлөхийг урилгаар оролцуулж болно. Энэхүү хуулийн зөвлөх нь зөвлөх үүрэгтэй, саналын эрхгүй байна.

9.3.7     Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг Зохицуулагч болон тус зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонх буюу дөрөвний гурвын саналаар зарлан хуралдуулж болно. Онцгой нөхцөлд, нэн даруй арга хэмжээ зайлшгүй авах шаардлагатай үед  Удирдах зөвлөл нь  дүрмээр тогтоосон бодлого, стратеги, зарчим, үнэт зүйлсийг баримтлан, биечлэн, эсхүл утас, цахилгаан, цахим шуудан гэх мэт харилцааны хэрэгслээр  зөвлөлдөн шийдвэр гаргаж болно. Энэ тохиолдолд шийдвэр гаргасан арга, гаргасан шийдвэрээ Удирдах зөвлөлийн дараагийн хурлаар баталгаажуулж, хурлын протоколд заавал тэмдэглэнэ.

9.3.8     Удирдах зөвлөл хуралдааны дэг, ажиллах журмаа анхдугаар хурлаараа баталж мөрдөнө. Хуралдааны явцыг протоколд тэмдэглэх бөгөөд хуралдаанаас тогтоол гаргаж, оролцсон гишүүд гарын үсэг зуран баталгаажуулна. Удирдах зөвлөлийн гишүүн зарчмын зөрүүтэй саналтай тохиолдолд үндэслэлээ бичгээр тайлбарлаж, протоколд хавсаргана.

9.3.9     Удирдах зөвлөлийн чиг үүрэг:

(а) Эвслийн бодлогыг тодорхойлох, Зохицуулах албаны үйл ажиллагааг стратегийн удирдлагаар хангах, Чуулганы шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих;

(б) Зохицуулагчийг сонгох, чөлөөлөх;

(в) Эвслийн Зохицуулах албаны орон тоо, зохион байгуулалтын бүтцийг тогтоох;

(г) Эвслийн өмч, хөрөнгийг захиран зарцуулах Зохицуулагчийн эрх, хэмжээг тогтоох;

(д) Эвслийн жилийн ажлын төлөвлөгөө, төсвийг батлах;

(е) Үндэсний хэмжээний, өргөн суурьтай, хүчтэй хөдөлгөөн өрнүүлэх бодлого, стратегийг хэлэлцэх, батлах, хэрэгжилтэнд хяналт тавих;

(ё) Зохицуулагчийн ажлын тайланг хэлэлцэж, үнэлэлт өгөх;

(ж) Чуулганыг зарлан хуралдуулах;

(з) Гишүүнчлэлийн бодлогыг тодорхойлох, шинэ гишүүн элсүүлэх, чөлөөлөх шийдвэр гаргах;

(и) Хөрөнгө босгох, нөөцийг дайчлах бодлогыг тодорхойлох, дэмжлэг үзүүлэх;

(л) Зохицуулах албаны санхүүгийн тайланг хэлэлцэх;

(м) Чуулганы бүрэн эрхэд хамаарахаас бусад бүх асуудал болон энэ дүрэмд заасан бусад чиг үүрэг.

9.3.10   Удирдах зөвлөлийн гишүүний хүлээх үүрэг хариуцлага:

(а) Эвслийн үнэт зүйл, зарчимд үнэнч байж, Эвслийн эрх ашгийг хувийн, мэргэжлийн болон байгууллагын сонирхлоос дээгүүр тавих;

(б) Ашиг, сонирхлын зөрчлөөс зайлсхийх, Эвслийн удирдлагад ил тодоор мэдээлэх, зохицуулах;

(в) Хамтын ажиллагаандаа итгэлцлийг хадгалж, байгууллагын дотоод хэрэгцээнд гэсэн мэдээллийг бусдад тараах, түгээх, худалдахгүй байх;

(г) Эвслийн болон өөрт нь итгэж мэдэгдсэн нууцыг хадгалах, хэн нэгнийг эрсдэлд оруулахаас зайлсхийх;

(д) Эвслийн хөрөнгө, санхүүгийн болон бусад чадавхыг бэхжүүлэхэд    анхаарлаа хандуулж, тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлэх;

(е) Өөрийн байгууллага, салбарын эрх ашгийн үүднээс бус Эвслийн алсын хараа, нийтлэг эрх ашгийн үүднээс асуудалд хандах.

9.3.11  Удирдах зөвлөл нь уг зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар, нууц санал хураалтаар сонгогдсон даргатай байна.

9.3.12  Удирдах зөвлөлийн даргын чиг үүрэг:

(а) Дүрэмд заасан буюу Удирдах зөвлөлөөс тухайн үед олгосон эрх мэдлийн хүрээнд Эвслийг гадаад, дотоодод төлөөлөх;

(б) Удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах;

(в) Удирдах зөвлөлийн гишүүдийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах;

(г) Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Зохицуулагчтай гэрээ байгуулах;

(е) Удирдах зөвлөлийн хуралдааныг Зохицуулагчтай хамтран төлөвлөх, хугацааг товлох.

9.3.13    Удирдах зөвлөлийн гишүүдийн ашиг сонирхлын зөрчлийг журмаар  зохицуулна.

9.3.14    Удирдах зөвлөл нь үйл ажиллагаагаа явуулахын тулд зөвлөх, дэмжих чиг үүрэг бүхий гүйцэтгэх, санхүүгийн дотоод хяналт, аудит зэрэг байнгын болон түр хороо байгуулж болно.

9.3.15    Удирдах зөвлөлийн гишүүд Эвслийн нэрээр хөрөнгө босгож, хандив, санхүүжилт олох тохиолдолд Зохицуулагчтай харилцан зөвшилцөнө.

9.4         Дүрмийн хороо

9.4.1   Дүрмийн хороог Чуулганаас 5-аас доошгүй гишүүний  бүрэлдэхүүнтэй сонгоно.

9.4.2   Дүрмийн хороо ажлаа Чуулганд  тайлагнана.

9.4.3   Дүрмийн хороо нь Эвслээс гарч буй шийдвэр дүрэмд нийцэж буй эсэхийг хянах чиг үүрэгтэй байна.

9.4.4   Дүрмийн хороо нь дүрмийн зөрчилтэй холбогдох санал, хүсэлт, гомдлыг Эвслийн гишүүдээс бичгээр гаргасан тохиолдолд хүлээн авч, шаардлагатай гэж үзсэн асуудлаа нягтлан магадлана.

9.4.5   Дүрмийн хороо нь жилд 1-ээс доошгүй удаа хуралдаж, санал, дүгнэлт, шийдвэрээ бичгээр гаргаж, Удирдах зөвлөл болон Чуулганд танилцуулна.

9.4.6   Дүрмийн хороо нь Удирдах зөвлөл болон Зохицуулагчид  хариуцсан чиг үүргийн хүрээнд асуулт тавьж хариулт, тайлбар авах, баримт бичгүүдийг үзэх, нягтлах эрхтэй.

9.4.7   Эвслийн дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл хангалтгүй биелүүлсэн гишүүн байгууллагын энэхүү дүрэмд заасан эдлэх эрхийг хязгаарлах, хасах асуудлыг Дүрмийн хорооны хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

9.5       Зохицуулагч

9.5.1   Эвсэл нь Зохицуулагчтай байна.

9.5.2   Зохицуулагчийг Удирдах зөвлөлөөс томилно.

9.5.3   Зохицуулагч нь Удирдах зөвлөлөөс олгосон бүрэн эрхийн хүрээнд Эвслийн өдөр тутмын үйл ажиллагааг шууд удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллана.

9.5.4   Зохицуулагч нь Эвслийг үндэсний болон олон улсын хэмжээнд албан ёсоор төлөөлнө.

9.5.5   Зохицуулагчийн чиг үүрэг:

(а) Эвслийн нэрийн өмнөөс холбогдох байгууллагуудтай гэрээ, хэлцэл байгуулж ажиллах;

(б) Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд Эвслийн хөрөнгийг захиран зарцуулж, санхүүгийн баримтанд нэгдүгээр гарын үсэг зурах, санхүүгийн хяналт тавих;

(в) Зохицуулах албыг удирдаж, уг албаны ажилтнуудыг томилж, чөлөөлөх, шагнаж урамшуулах, хариуцлага тооцох;

(г) Эвслийн дүрэм, Чуулган болон Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах;

(д) Эвслийн гишүүдийн оролцоог хангах, хамтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

(е) Зохицуулах албаны өдөр тутмын үйл ажиллагааг стратегийн удирдлагаар хангаж, жил бүрийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг Удирдах зөвлөлд танилцуулах;

(ё) Гишүүнчлэлийг өргөжүүлэх, хөгжүүлэх;

(ж) Эвслийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эрх үүсвэрийг бүрдүүлэх, нөөцийг дайчлах.

9.5.6   Зохицуулагч нь Удирдах зөвлөлийн хуралд саналын эрхгүй оролцоно.

9.5.7   Эвсэл нь Зохицуулагчийн томилсон дэд зохицуулагчтай байж болно.

9.6         Зохицуулах алба

9.6.1     Зохицуулах алба нь Çохицуулагчийн удирдлага дор Эвслийн үр нөлөөтэй, тасралтгүй ажиллах нөхцлийг бүрдүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг явуулна.

9.6.2     Зохицуулах албаны ажилтны хөдөлмөрийн харилцааны асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна.

9.6.3     Зохицуулах албаны ажилтан нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ.

9.6.4      Эвслийн сонгуульт албан тушаалтнууд өөрчлөгдөх нь Зохицуулах албаны ажилтныг өөрчлөх үндэслэл болохгүй.

9.7         Шийдвэр гаргах журам

Шийдвэр гаргахад  дараах нийтлэг зарчмыг баримтална:

9.7.1      Эвслийн суурь зарчмууд, хуралдааны дэгийг баримталж гарсан шийдвэр хүчин төгөлдөр байна.

9.7.2     Хувь хүнтэй холбоотой асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хурааж шийдвэрлэнэ.

9.7.3     Чуулганы болон Удирдах зөвлөлийн шийдвэр нь Тогтоол, Зохицуулагчийн шийдвэр нь Тушаал хэлбэртэй байна.

АРАВДУГААР БҮЛЭГ. ХӨРӨНГӨ, САНХҮҮЖИЛТ

10.1      Эвслийн хөрөнгөд түүний өмчлөл, эзэмшилд байгаа үл хөдлөх болон бусад  хөрөнгө,  оюуны үнэт зүйлс хамаарна.

10.2      Эвсэл нь дараах эх үүсвэрээс санхүүжинэ:

(а) Гишүүнчлэлийн татвар, хандив;

(б) Гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж, бэлэг;

(в) Төслийн болон гэрээт ажлын санхүүжилт;

(г) Дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанаас олсон орлого;

(д) Хадгаламжийн хүүгээс олсон орлого;

(е) Зээлийн болон өвийн хөрөнгө;

(ё) Хуулиар хориглоогүй бусад орлого.

10.3       Эвсэл нь олсон орлогоо зөвхөн Дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхэд зориулан зарцуулна.

10.4    Эвслийн орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөх зэргийг хориглоно.

10.5    Удирдах зөвлөлийн гишүүд, Зохицуулагч, Зохицуулах албаны ажилтнууд нь Эвслийн өмч хөрөнгөөр хувийн ашиг олоход чиглэсэн санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

10.6    Аливаа улс төрийн үйл ажиллагааг дэмжиж нам, эвсэлд хөрөнгө, хандив өгөхийг хориглоно.

10.7    Санхүүгийн тайлан тэнцлийг холбогдох хууль, журмын дагуу гаргаж, хуулиар тогтоосон хугацаанд холбогдох байгууллагад тайлагнана.

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ

11.1      Эвслийг Чуулганы шийдвэрээр, Монгол улсын холбогдох хуульд заасан үндэслэлээр өөрчлөн байгуулах ба татан буулгаж болно.

11.2      Эвслийг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Чуулганаар хэлэлцэн, гишүүдийн гуравны хоёрын саналаар шийдвэрлэнэ.

11.3      Өөрчлөн байгуулах, татан буулгахтай холбоотойгоор үүссэн эд хөрөнгийн шинжтэй харилцааг Төрийн бус байгууллагын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн Удирдах зөвлөл шийдвэрлэнэ.

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ. ДҮРЭМ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ

12.1      Үндсэн бүлгийн гишүүдийн хурлаас дүрмийг баталснаар Эвсэл байгуулагдсанд тооцогдоно.

12.2      Эвсэл байгуулагдсанаар дүрэм хүчин төгөлдөр үйлчилнэ.