all4education

Just another WordPress site

“Бүх нийт боловсролын төлөө!”

Уриалга

Боловсрол нь хүн бүрийн өдөр тутмын амьдралд, насан турш нөлөөлөх үндсэн эрх, хүний хөгжлийн түлхүүр, шударга хөдөлмөр, нэр төртэй, эрх чөлөөтэй амьдралын баталгаа бөгөөд бидний хамтын амьдралын мөн чанарыг, бид хүмүүнлэг, ардчилсан, шударга нийгэмд амьдрах эсэхийг тодорхойлох хүчин зүйл, нийгмийн баялаг, бид бүгдийн нийтийн өмч юм.

Гэвч өнөөдрийг хүртэл иргэд бид энэ чухал асуудалд анхаарлаа дутуу хандуулж, идэвхгүй хүлээн авагч, хүлцэнгүй хүртэгч, зарим үед дуугүй хохирогч байж ирлээ. Улмаар, сүүлийн 20 жилд боловсролын шинэчлэлийг бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагч цөөн тооны эрх мэдэл бүхий хүн, төрийн байгууллага бидний бодит хэрэгцээ, нөхцөл байдал, үзэл бодлыг үл харгалзан, бидний өмнөөс, бидний оролцоогүйгээр дээрээс доош тулган хийж ирсэн. Ийнхүү ардчилсан бус маягаар, хүүхэд, эцэг эх, багш, иргэдийн дуу хоолойг сонсолгүй, ул суурьтай судалгаа, бэлтгэлгүйгээр, гарч болох эрсдлийг бууруулах төлөвлөгөөгүйгээр, улс төрийн шийдвэрээр хэрэгжүүлсэн бодлого, тогтолцооны өөрчлөлтүүд нийгмийн нилээд хэсэгт нөхөж баршгүй хохирол учруулсан нь өнөөдрийн өндөрлөгөөс тод харагдаж байна.

Цөөн жишээ дурдахад, 1990-ээд онд үндэсний хэл, соёлыг сэргээх улс төрийн уриан дор кирилл үсгийг халж, уйгаржин монгол бичигт шилжихээр шийдвэрлэж, үндэсний хэмжээнд мянга, мянган хүүхэд дээр туршилт явуулсны дараагаар Уйгаржин монгол бичигт улс орноороо шилжих оролдлого бүтэхгүй нь гэж ухааран 1995 онд кирил үсэг рүү эргэн шилжсэн. Гэвч энэ хугацаанд Уйгаржин монголоор дагнан заалгасан хүүхдүүд кирил үсгээр боловсролоо үргэлжлүүлэн эзэмшихэд, мөн кирил үсгийг дагнан хэрэглэж буй нийгэмд бусадтай өв тэгш оролцоход хүндрэл, бэрхшээлтэй учирсаар, тэдний нилээд хэсэг нь сурлагаараа хоцорч, тэр байтугай сургууль завсардсан, тасралтгүйгээр суралцах эрхээ эдэлж чадалгүй, ядууралд түгжигдэх эрсдэлд орж хэлмэгдсэн. Түүнчлэн 2006 онд 11, хоёрхон жилийн дараа 12 жилийн тогтолцоонд асар богино хугацаанд яаран шилжиж, сургуульд орох насыг 7, дараа нь 6 болгон бууруулахад багш, сургууль, дотуур байрны бэлтгэл бүрэн хангагдаагүйн улмаас олон хүүхэд, эцэг эхэд, ялангуяа гэрээсээ хол, дотуур байранд амьдрах хэрэгтэй болсон малчдын хүүхдүүдэд ихээхэн хүндрэл учирсан.

Хэдийгээр боловсролын салбарт хийгдсэн өөрчлөлт, шинэчлэлүүд çàðèì òàëààð эерэг үр дүн авчирсан ч, òîäîðõîé бүлг¿¿äийн үндсэн эрх, чанартай боловсрол эзэмших, тэгш хөгжих боломжийг хөсөрдүүлээд зогсохгүй, боловсролын тогтолцоог тогтвортой, цаг үе, хувь хүмүүсийн эрмэлзлэл, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, хүмүүнлэг, ардчилсан нийгмийг төлөвшүүлэхүйц болгож хараахан чадсангүй.

Боловсролыг зөвхөн салбарын асуудал хэмээн явцуу тодорхойлж, төр засаг, нэгэн яам, цөөн мэргэжилтний шийдэх асуудал хэмээн явцуу хүрээнд ойлгосоор, иргэдийн утга учиртай, идэвхтэй оролцоо хангагдаагүй байсаар байх нөхцөлд боловсролын тогтолцоог хүний мэдэх, бүтээх, хүний ёсоор хамтран амьдарч, нэр төртэйгээр оршиход суралцахуйц, хувь хүний потенциал, чадвар, чадавхыг нээж, эерэг хандлага, зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн, хүмүүнлэг, ардчилсан, хүн бүрийн эрхийг хангасан, тэгш хүртээмжтэй, чанартай болгон өөрчлөх боломжгүй юм.

Тиймээс хүүхэд, эцэг эх, багш, нутгийн хамт олон, иргэний нийгмийн бүлэг, байгууллага, боловсролд санаа зовж буй иргэн бүрийг өөрт буй бүхий л боломж, бололцоог бүтээлчээр ашиглан, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Монголын боловсролын чанар, санхүүжилт, хариуцлагын тогтолцоог сайжруулах зорилгоор хүчээ нэгтгэн, улс орныхоо өнцөг булан бүрт, баг, хорооноос аймаг, дүүрэг, хот, үндэсний түвшинд хүртэл олон талт үйл ажиллагаа явуулж, дуу хоолойгоо хүчтэй гаргаж, үзэл бодлоо зоригтой илэрхийлж, идэвхтэй оролцохыг “Боловсрол: Мөнгө, Чанар, Хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний II чуулганы оролцогчид бид уриалж байна.

Улаанбаатар хот, 2011 оны 8-р сарын 27