all4education

Just another WordPress site

Өнөөдөр хүн бүр сурч боловсрох эрхээ эдэлж чадаж байна юу?

Жар гаруй жилийн өмнө Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар “хүн бүр сурч, боловсрох эрхтэй” гэж тунхагласан билээ. Гэтэл өнөөдөр сая сая хүүхэд, насанд хүрэгчид анхан шатны боловсрол эзэмшиж, ур чадвараа хөгжүүлэн, нийгэм, соёлын өөрчлөлтийг авчрах шинэ мэдээлэл, шинэ технологитой танилцаж, амьдралынхаа чанарыг дээшлүүлэх боловсролыг эзэмшиж чадахгүй байна.

Боловсрол эзэмших нь яагаад чухал вэ?

Боловсрол нь хүн бүрийн өдөр тутмын амьдрал, насан туршид нь нөлөөлөх үндсэн эрх, хүний хөгжлийн түлхүүр тул иргэн бүрт чанартай боловсрол олгох нь төрийн хүлээх гол үүрэг юм. Суурь боловсролын эрүүл механизм нь боловсрол, шинжлэх ухаан, технологи, ур чадварын түвшинг бэхжүүлэн, нийгмийнхээ хөгжлийг тодорхойлох чухал нөлөөтэй. Хүн бүр боловсрол эзэмшснээр хөгжиж дэвшин, амьдралынхаа эзэн,  хөгжлийн бүтээгч нь болдог.

Боловсролыг бүх нийтэд хүргэхийн төлөө дэлхий нийт юу хийж байгаа вэ?

Хүн бүр сурч боловсрох эрхээ эдлэх, боловсролыг бүх нийтэд хүргэх хүчин чармайлт, амлалтыг хэрэгжүүлэхэд дэлхий нийтээрээ анхаарч байна. 1990 онд Тайландын Жомтиен хотод болсон Бүх нийтийн боловсролын бага хурал дээр 155 орны  ерөнхийлөгч, ерөнхий сайд, засгийн газрын төлөөлөгчид, олон улсын байгууллагууд хамтран 2000 он гэхэд бүх хүүхдэд суурь боловсрол олгохоор амласан боловч энэ амлалт хэрэгжээгүй байна. Харин 10 жилийн дараа  2000 онд Сенегалийн Дакар хотноо чуулсан 164 улс орны төрийн тэргүүн 2015 он гэхэд дараах 6 зорилтыг хэрэгжүүлэхээр амлалт өгсөн байна.

Боловсролыг бүх нийтэд 6 зорилт:

  1. 1.    Сургуулийн өмнөх боловсрол, халамжийг өргөжүүлэх:

Бага насны хүүхэд аюулгүй, халамж анхаарал тавьдаг орчинд эрүүл, тайван, цовоо сэргэлэн өсч бойжин, сурах боломжоор хангагдсан байх юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхдээ хүүхдийн эх хэл дээр, уян хатан, хялбар тохируулж болох, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хүүхдийн өвөрмөц эрэлт хэрэгцээг (хөгжлийн бэрхшээл зэрэг) тодорхойлж, түүнд нь тохирсон боловсрол, халамжийн үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатай.

  1. 2.    Хүүхэд бүрт чанартай боловсролыг үнэ төлбөргүй олгох

2015 он гэхэд бүх хүүхэд, ялангуяа үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөөгийн ба хотын захын болон хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд зэрэг боловсрол эзэмших тэгш боломжийг эдлэхгүй байгаа хүүхдүүдэд үнэ төлбөргүй, чанартай суурь боловсролыг эзэмшүүлэх юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхдээ сургалтын төлбөр болон дам зардлууд болох сурах бичиг, бусад сургалтын хэрэглэгдэхүүн, дүрэмт хувцас, үдийн цай, хоол, унааны зардлыг бууруулах, байхгүй болгоход чиглэсэн нийгмийн халамжийн бодлого, хөнгөлөлт, зардлыг даах зэрэг идэвхтэй арга хэмжээ авах шаардлагатай.

  1. 3.    Залуус, насанд хүрэгчдийн суралцах хэрэгцээг хангах

Бүх залуус, насанд хүрэгчид ажил хөдөлмөр эрхлэх, нийгмийн амьдралд бүрэн оролцох, өөрийн амьдралыг авч явах, үргэлжлүүлэн суралцахад хэрэгтэй чадавхыг олж авахын тулд мэдлэг эзэмшиж, үнэт зүйл, хандлага, ур чадвараа хөгжүүлэх боломжтой байх эрхтэй. Сургуулиас завсардсан, унших бичих болон амьдралд шаардлагатай наад захын чадварыг эзэмшээгүй залууст үргэлжлүүлэн сурах өргөн сонголтыг бий болгох, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай.

  1. 4.    Насанд хүрэгчид бичиг үсэгт тайлагдах, үргэлжлүүлэн суралцах боломжийг бүрдүүлэх

2015 он гэхэд бүх насанд хүрэгчдийг суурь боловсрол эзэмших, үргэлжлүүлэн суралцах тэгш боломжоор хангах шаардлагатай. Насанд хүрэгчдийн боловсролыг улс орны боловсролын бодлого, ядуурлыг бууруулах стратегийн нэг хэсэг болгон өргөн хүрээтэй, олон төрөл хэлбэртэйгээр зохион байгуулан, албан ба албан бус боловсролын уялдаа холбоог сайжруулан, технологийн шинэлэг хэрэглээ, амьдралд ойрхон агуулга, оролцоо бүхий заах арга, сайн бэлтгэгдсэн багш, хангалттай санхүүжилт бүхий хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай.

  1. 5.    Боловсролын хүрээнд жендэрийн тэгш эрхийг хангах

Жендэрийн тэгш эрхийг хангахын тулд боловсролын бодлого, тогтолцоонд жендэрийн тэгш эрхийн үзэл баримтлалыг нэгтгэх үйл явцыг хангалттай санхүүжүүлэх, зөвхөн хүртээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй жендэрийн мэдрэмжтэй, аюулгүй сурах орчин бүрдүүлэх, багш бэлтгэх хөтөлбөр, сургалтын үйл явц, сургалтын төлөвлөгөө хөтөлбөр, сурах бичиг зохиоход ч анхаарах ёстой.

  1. 6.    Боловсролын чанарыг сайжруулах

Эрүүл, чийрэг, урам зоригтой сурагчидтай; сургалтын идэвхтэй аргуудыг ашигладаг мэргэжилдээ сайтар бэлтгэгдсэн багш нартай; шаардлага хангасан, хүрэлцээтэй хэрэгсэл, тоног төхөөрөмж, сургалтын материалтай; цаг үедээ нийцсэн, багш, сурагчдын мэдлэг туршлагад суурилсан зайлшгүй хэрэгцээт мэдлэгийг эх хэл дээрээ олж авдаг;  сурах үйл явцыг дэмжсэн төдийгүй сурагчдад ээлтэй, нөхөрсөг, жендэрийн мэдрэмжтэй, эрүүл аюулгүй сурах орчинтой; сурлагын амжилтыг суралцагчдын эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хандлага, үнэт зүйлийг багтаан ойлгомжтой тодорхойлсон, нарийн зөв үнэлгээтэй; нутгийн хамт олны оролцоог хүндэтгэдэг, эцэг эх, иргэдийн оролцоог хангасан засаглал ба удирдлага бүхий чанартай боловсролыг хүн бүрт олгох шаардлагатай.

Эдгээр зорилт биелэгдэх боломжтой юу?

Хувь хүн, иргэний нийгмийн байгууллага, бүлгүүд боловсролын чанар, хүртээмж, хариуцлагатай байдлын төлөө хүчээ нэгтгэн ажиллаж, энэ үйл явцад иргэдийг татан оролцуулж, өргөн суурьтай, зохион байгуулалттай, хүчтэй хөдөлгөөн бий болгон,  төрийн үүрэг амлалтаа биелүүлэхийг шаардах буюу хамтарч ажиллан, дэмжлэг үзүүлвэл  эдгээр зорилт биелэгдэх бүрэн боломжтой.

Өнөөдөр боловсрол эзэмшихэд ямар асуудал тулгардаг вэ?

Боловсролыг явцуу тодорхойлдог, хүн бүрийн ялгаатай байдлыг харгалздаггүй, ялгаварлан гадуурхдаг, хангалттай санхүүжилт олгодоггүй зэргээс шалтгаалан бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх үйл явцад цогц хандлага дутагдаж; боловсролын тогтолцооны үр өгөөж нь хувь хүний хүсэл тэмүүлэл, нийгмийн эрэлт хэрэгцээнээс асар зөрүүтэй байсаар байгаа учраас үнэ цэнэтэй амьдарч, амьдралын чанараа дээшлүүлэх боломж олгохгүй байна. Энэ байдлыг өөрчлөхөд эцэг эх, багш сурагч, оюутан залуус, иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн анхаарал, хяналт, нөлөөллийн үйл ажиллагаа чухал ач холбогдолтой юм.

Монголд боловсролын асуудлаар ямар санаачлага, үйл ажиллагаа өрнөж байгаа вэ?

“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл байгуулагдаж, боловсролын санхүүжилт, чанарт хяналт тавьж, уг салбарын хариуцлагын тогтолцоог иргэдийн оролцоотойгоор сайжруулан, боловсролын бодлогод нөлөөлөн, үндэсний хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулж, хамтран ажиллах эхлэл тавигдаад байна. Боловсролын агуулга, чанарыг өргөн хүрээнд тодорхойлон, иргэний нийгмийн олон талын төлөөллийг ханган, хүний эрх, жендэрийн тэгш эрх, үл ялгаварлан гадуурхах, хүчирхийллээс ангид, хүлээцтэй, нээлттэй, ил тод, хариуцлагатай байх зарчимд суурилан үйл ажиллагаа явуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах зорилготой иргэний нийгмийн олон талын төлөөллийг хангасан юм.

Боловсролын агуулга, чанарыг өргөн хүрээнд тодорхойлно гэдэг ямар утгатай вэ?

Хүмүүс ихэнхдээ боловсролыг бага, дунд, дээд боловсролоор төсөөлөн ойлгодог. Боловсрол бол үүнээс өргөн хүрээтэй ойлголт бөгөөд хүн бүрийн эрхийг хангасан, хүмүүнлэг, ардчилсан, тэгш хүртээмжтэй, хүний ёсоор, нэр төртэйгээр амьдрахад суралцахуйц, эерэг зан үйл, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн байх шаардлагатай. Мөн боловсрол бол хувь хүний потенциал, чадвар, чадавхыг хөгжүүлдэг, насан туршид нь тасралтгүй үргэлжлэх үйл явц юм.

Боловсролын төлөө та юу хийх чадах вэ?

Боловсролын бодлого, тогтолцоог өөрчилж, боловсролыг бүх нийтэд хүргэхэд таны оролцоо, дэмжлэг хамгийн чухал бөгөөд иргэн бүрт чанартай боловсрол олгох нь төрийн хүлээх үүрэг, хариуцлага гэдгийг ойлгон, иргэний оролцоотой байснаар бид нийгмээ өөрчилж чадна. Иймээс та боловсролын асуудалд анхаарлаа хандуулан, боловсрол эзэмших эрхээ бүрэн эдлээрэй.

Та бид хамтдаа боловсролын тогтолцоог өөрчилж чадна!

“Боловсролыг бүх нийтэд – Бүх нийт боловсролын төлөө!”