all4education

Just another WordPress site

“Боловсролын ил тод, хариуцлагатай засаглал”  сэдвээр сэтгүүлчидтэй санал солилцох үдийн цайны уулзалтыг  2011 оны 8-р сарын 18 Бишрэлт зочид буудал 206 тоотод 14:00-15:00 цагийн хооронд зохион байгуулсан.

(“Боловсрол: чанар ба хариуцлага” түргэн үнэлгээний тайлангаас, 2010 он)

Боловсролын засаглалын үйл явц дах иргэдийн оролцоо:

Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого болон Боловсролын тухай хуулинд боловсролыг төр олон нийтийн хяналтанд байлгана, боловсролыг хөгжүүлэх үйл хэрэгт төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хүлээх үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, оролцоо хувь нэмрийг хөхүүлэн дэмжихээр заажээ. Хамгийн сүүлд батлагдсан “Боловсрол” үндэсний хөтөлбөрт иргэд суралцагчид, олон нийтийн санаачилга, оролцоонд тулгуурлах зарчмыг баримтлахаар шийдсэн байна.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын хувьд нээлттэй байх зарчмыг хэрэгжүүлэн ажилдаггүйгээс боловсролын харилцаанд оролцогчдын эрх, үүрэг ёс төдий болж,  хүүхэд, эцэг эх, олон нийтийн оролцоо жинхэнэ утгаар хангагдахгүй байна.

Энэ талаар хийсэн бүлгийн ярилцлагын судалгааны дүнгээс танилцуулбал:

Суралцагчдын оролцооны хувьд:

  • Сургуулийнхаа үйл ажиллагааг төлөвлөхөд санал нь тусгагддаг эсэхийг асуухад нийт оролцогч хүүхдүүдийн 60 хувь нь заримдаа, зөвхөн 14 хувь нь байнга хэмээн хариулсан байна.
  • Хүүхдүүд багш нартаа санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой эсэхийг асуухад нийт хүүхдүүдийн 50 хувь боломжгүй, 30 хувь нь мэдэхгүй гэжээ.
  • Харин сурагчдын зөвлөлөөр дамжуулан сурагчдын эрх ашигтай холбоотой шийдвэр гаргах  үйл ажиллагаанд оролцож чаддаггүй гэж 50 хувиас илүү нь үгүй гэж хариулжээ.[1]
  • 4-11 дүгээр ангийн хүүхдүүдийн 50 гаруй хувь нь өөртэй нь холбоотой асуудлаар шийдвэр гаргах үйл явцад оролцдог гэсэн байна. Судалгаагаар сурлага тааруу хүүхэд, сонгуульт албагүй хүүхдийг сургуулийн шийдвэр гаргах үйл явцын гадна үлдээдэг байж болох нь харагдаж байна.[2]
  • Сурагчдын 57 хувь нь сургууль дээрээ Сурагчдын зөвлөлийг хэрхэн байгуулдгийг мэддэггүй гэжээ. Бүлгийн ярилцлагад оролцогчид  зөвлөлд сурлага сайтай, сургууль дээр ямар нэг үүрэг гүйцэтгэхээр сонгогдсон цөөн хэдэн хүүхэд хамрагддаг гэжээ.  Өөрөөр хэлбэл, эдгээр цөөн тооны хүүхэд бүх сурагчдын санаа бодлыг төлөөлөх бололцоогүй гэдэгтэй   холбон тайлбарлаж байлаа.[3]

Сургуулийн үйл ажиллагаанд сурагчид бүхий л асуудлаар өөрийн хүсэл сонирхлын дагуу сайн дураараа санал дүгнэлт өгөх, шийдвэр гаргахад болон сурагчдад холбоотой аливаа асуудлыг шийдэхэд хүүхдүүдийг оролцуулдаггүй, хүүхдийн оролцоог хязгаарлан, захиргааны захиран удирдах хэв маягаар сургуулийн ажлыг төлөвлөн явуулдаг байна.

Эцэг эх, олон нийтийн оролцооны хувьд:

  • Сургуулиудад эцэг эхийн зөвлөл байгуулагдсан боловч  эцэг эхээс гарсан санал хүсэлтийг сургуулийн захиргаанд дамжуулах, сургуулийн уламжлалт баяр ёслол, арга хэмжээг зохион байгуулах, оролцох гэх мэт ажлаар  үйл ажиллагаа нь хязгаарлагддаг, “суралцагч-эцэг, эх-сургууль”-ийн хамтын ажиллагааны чиглэл тодорхойгүй, хүүхдэд ээлтэй сургуулийн орчинг бий болгоход үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаггүй байна.
  • Эцэг эхчүүдийн хувьд эцэг эхийн хурал, нээлттэй өдөрлөг зэрэгт түгээмэл оролцдог ч сургуулийн тайлан хэлэлцэхэд бараг оролцдоггүй байна. Сургуулийн шийдвэр гаргах үйл явц, удирдлагын үйл ажиллагаанд эцэг эх зэрэг оролцогч талуудын оролцоо хязгаарлагдмал байгаа практикаас харвал сургуулийн удирдлага, мэнэжментийн тогтолцоо ил тод бус байгааг харуулж байна.

Сүүлийн жилүүдэд эцэг эхийн холбоод Улаанбаатар хотын зарим дүүргүүд дээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж тодорхой үр дүнд хүрч байгаа ахиц дэвшил гарч буйг цохон тэмдэглье.

Багш нарын оролцооны хувьд:

  • Сургуулийн удирдлага ардчилсан байдлаар асуудлыг шийдвэрлэж чаддаггүй гээд сургуулийн удирдлага хамгийн чухал асуудал  болох багшийн ажлын үнэлгээг хэлэлцэхэд багш нарын 57 хувь, төсвийн бүтэц, зарцуулалтын талаар 29 хувьд, сурагч, эцэг эхтэй холбоотой гомдол шийдвэрлэсэн байдлыг 39 хувьд л мэдээлэл өгдөг гэжээ.
  • Багшийн ажлыг үнэлэхдээ сурлагын амжилт, үр дүнг хамгийн их чухалчилдаг, ёс зүйд төдийлөн ач холбогдол өгддөгүй гэжээ.[4]

Сургууль, цэцэрлэгийн Зөвлөл оролцооны хувьд:

Сургууль, цэцэрлэгийн өөрийн удирдлагын байгууллага болох сургууль, цэцэрлэгийн зөвлөлд багш, ажилтан, суралцагч, эцэг эхийн төлөөлөл байх ёстой бөгөөд багш, суралцагч, ажилтны эрх ашгийг хамгаалах, сургалтын чанар, хүүхэд төлөвшүүлөх, хамгаалах, хөгжүүлэх ажлын үр дүнг хэлэлцэн сайжруулах саналыг үүсгэн байгуулагч, сургууль, цэцэрлэгийн удирдлагад тавих, захирал эрхлэгчийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих зэрэг үүрэгтэй.

Сургуулийн зөвлөл бүх сургуулиудад байгуулагдан ажиллаж байгаа боловч жинхэнэ утгаараа бус үйл ажиллагааны тайлан, гүнзгийрүүлсэн сургалтын төлбөр, төсвийн төлөвлөгөө зэргээр хэлэлцэх асуудал нь хязгаарлагдаж, суралцагчдын сурч боловсрох эрх, хүүхдэд ээлтэй сургуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа бүрэн чиглүүлэхгүй байна.

 

Жишээлбэл: Миний хувьд Удирдах Зөвлөлд ажиллаж байсан. Ажлын төлөвлөгөө ч байхгүй. Сайн үр дүнтэй ажиллаагүй. Ямар чиг баримталж ажилладгаа ч мэдэхгүй нэг зөвлөл байгаа, үйл ажиллагаа нь зогссон байсан. 9 сарын сүүлээр дахин шинэчлэн 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Удирдах Зөвлөл яаж ажиллах ёстой юм тэрний дагуу баримт бичгүүдээ боловсруулж, тэрнийхээ дагуу ажиллаж эхэлж байна.

(Ганцаарчилсан ярилцлага, Дорнод аймаг, Сургуулийн зөвлөлийн төлөөлөл)

 

Энэ нь хуулийн ерөнхий заалтыг дэлгэрүүлж буй сургуулийн дотоод дүрэм, журмуудад нэгдсэн байдлаар өгсөн удирдамж, чиглэл байхгүйтэй холбоотой бөгөөд сургууль бүр өөр өөрийн үзэмжээр шийдвэрлэн, хэт явцуу хүрээг үүсгэж байна. Ерөнхий боловсролын сургуулиудад Захирлын Зөвлөл, Заах Арга Зүйн Нэгдэл зэрэг янз бүрийн шийдвэр гаргах бүтэц, зохион байгуулалт нь янз бүр байна. Тэдний эрх, үүргийн талаар аль ч эрхзүйн баримтанд тодорхой заагаагүй учраас зарим сургуулийн захирал аливаа байгууллага, зөвлөлийн зөвлөгөөгүйгээр дангаараа шийдвэр гаргадаг байна.[5]

Ийнхүү сургуулийн өөрийн удирдлагын байгууллага болох зөвлөлийн чиг үүрэг тодорхойгүй, эрх үүргээ хэрэгжүүлэх механизм  байхгүй, хэлбэр төдий байгуулагдан, үүсгэн байгуулагчийн төлөөлөл нэрийдлээр дүүргийн засаг захиргааны түшмэдүүд орсноос тэдний цаг завыг харсан байдалтай, хуралдаж чаддаггүй гэдгийг сургуулийн удирдлагууд хэлж байна. Энэхүү оролцооны бүтцийг ажиллуулах нь сургуулийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгоход ихээхэн дөхөмтэй гэдгийг иргэний нийгмийн байгууллагууд хүлээн зөвшөөрч байна.

Мөн сургууль дээр багш, ажилтнуудын хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалах үйлдвэрчний эвлэл, сурагчдын өөрсдийн үүсгэл санаачлагын байгууллагууд ажиллаж, сургуулийн үйл ажиллагаанд оролцож болно.

Эцэг, эх асран хамгаалагчийн болон суралцагчдын байгууллагын боловсролын тогтолцоонд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол:

“Бага, дунд боловсролын тухай” хуулийн  19.7 дугаар зүйлд сургуульд эцэг, эх асран хамгаалагчийн болон суралцагчдын байгууллага ажиллаж болно гэж заасан байдаг боловч хэрэгжихгүй байгаа нь боловсролын  салбарын байгууллагууд дахь сайн засаглал, Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, хяналтын өнөөгийн тогтолцоо, захиргааны болон өөрийн удирдлагын тогтолцоо бүрэн хэмжээгээр ажиллахгүй байгаатай холбоотой.

Сурагч, эцэг эх, иргэний нийгмийн бүлгүүдийн оролцоог дээд зэргээр хангаж өгсөн ил тод, хариуцлагатай, шударга  боловсролын удирдлагын тогтолцоо   хэрэгтэй байна. Сургуулийн зөвлөл нь сургуулийн захирлын гаргаж байгаа шийдвэрт нөлөөлөх эрх зүйн зохицуулалт байхгүй, хуулийн этгээд болж чадахгүй байгаа болон сургуулийн зөвлөлд үйл ажиллагаа явуулах төсөв хөрөнгө байхгүй нь мөн нөлөөлж байна.

Сургуулийн удирдлагын шийдвэрийн 74 хувь нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой, 18 хувь нь цалин хөлс, төсөв хөрөнгөтэй холбоотой, 7 орчим хувь нь л сургалттай холбоотой асуудал байна.

Багш нарын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс үзэхэд сургуулийн удирдлагад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий энэ байгууллага хичээлийн жилд 3-5 удаа хуралддаг, хэлэлцэж буй асуудал нь сургалтын гол асуудал руу чиглэгддэггүй, сургуулийн жилийн тайлан, дотоод журам, анги алгасан суралцуулах асуудал, цалин хөлс шинэчлэн тогтоох зэрэг тогтсон хэдхэн асуудлаар хязгаарлажээ.

Хүүхдийн/суралцагчдын өөрөө удирдах байгууллага:

Энэ байгууллага ардчилсан зарчмаар сонгогдож, сурагчдын төлөөлөл болж чаддаг уу гэсэн асуулт зүй ёсоор тавигдана.

Сурагчидтай хийсэн ярилцлагыг сийрүүлбэл:

  • Манай сургуулийн сурагчдын зөвлөлд анги бүрийн төлөөлөл гэж ангийн дарга нар байдаг. Тэд нар долоо хоногт нэг удаа хуралддаг гэсэн. Тэр хурлаараа юу ярьдгийг нь мэдэхгүй. Нэг мэдэхэд л сурагчдын зөвлөлийн дарга солигдчихсон байдаг. Яаж сонгодог талаар мэдэхгүй байна.
  • 7-11-р ангийн хүүхдүүд сурагчдын зөвлөлд байдаг. Нийгмийн идэвхтэй хүүхдүүд л ордог гэж боддог. Багш нар угаасаа ангиасаа сурлага сайтай хүүхдүүдийг нь шууд заагаад байдаг ш дээ. Зөвлөлийн даргыг сурагчид сонгодоггүй бараг багш, нийгмийн ажилтан өөрийнхөө дураар ахлах ангийн хүүхдүүдээс болгочихдог.
  • Би сургуулийнхаа сурагчдын зөвлөлд ажилладаг. Бид нар жил бүрийн хичээлийн нээлт дээр зөвлөлийнхөө бүтэц бүрэлдэхүүнийг сурагчид болон багш нарт танилцуулах арга хэмжээ зохиодог. Зөвлөл дотроо асуудал тус бүрийг хариуцсан албатай. Тэр албанд элсэх сонирхолтой сурагчид элсэж болдог. Сурагчид өөрсдийхөө хүсэл сонирхлын дагуу орж ажиллаж байгаа болохоор бид нар сайн ажилладаг гэж боддог. Сурагчдын зөвлөлийн болон албаны дараагийн дарга болох хүн өмнөх даргаараа 1 жил орчим бэлтгэгдсэн байдаг. Тэгээд дарга хийж байсан сурагч төгсөх болоход шинэ дарга ажлыг нь авдаг.

Сурагчдын өөрөө удирдах байгууллага хэрхэн ажиллаж байгаа, сургуулийн захиргаа тэдний санал шаардлагыг хэр хүлээн авдаг зэргээс тухайн сургуульд иргэний оролцооны орчин ямар байгааг тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл, арван жилийн сургуульд сурч байхдаа сурагчид үүргээ хэр биелүүлэв, ямар эрх нь зөрчигдөв, сургуулийн дотоод ардчилал болон сурагчдын эрх ашгийг хамгаалдаг байгууллага нь хэр зэрэг ажилладаг вэ? гэсэн асуултуудын хариулт нь иргэний оролцооны хэмжүүр болдог.

Сурагчдын ашиг сонирхлыг бүрэн илэрхийлж байгаа эсэх гэсэн асуултанд дараах хариултууд ирсэн байна:

  • Би 10 жилд байхдаа сурагчдын зөвлөлийг СӨУЗ (сурагчдын өөрөө удирдах зөвлөл) гэж их нэрлэдэг байсан. Гэхдээ тэр нь ямар үгсийн товчлол болохыг ч мэддэггүй байлаа. Багш нартай илүү харьцах, бусад сурагч нарын өмнө нэр хүндтэй болох гэж хүмүүс ордог гэж боддог байсан.
  • Бид нар ангийн даргаа сонгох байдлаар л оролцдог. Ангийн дарга сурагчдын зөвлөлийн хуралд суудаг. Хааяа нийгмийн ажилтан тэгж хэлсэн, удахгүй тийм юм болох гэж байгаа гэж зар л хэлдэг. Бид нараас санал аваад байдаггүй. Сургуулийн зохион байгуулах гэж байгаа ажлыг бидэнд дамжуулж хэлдэг. Заримдаа хэлдэггүй. Болсоных нь дараа л мэддэг. Сурагчдын зөвлөл дотроо хэдэн ангийн дарга нар хоорондоо яриад л шийдчихдэг юм шиг байна лээ.
  • Бид сургууль дээрээ амралтын өдрөөр биеийн тамирын зааланд тоглох гэхээр сургуулийн захиргаанаас гадны байгууллагуудад түрээсэлчихдэг. Тэгээд энэ талаар сурагчдын зөвлөлд хэлээд захиралд санал оруулж үзсэн. Гэхдээ хүлээж авдаггүй юм шиг байна лээ. Сурагчдын зөвлөлийг бараг сурагчдын эрх ашгийн төлөө биш, сургуулийн эрх ашгийн төлөө ажиллах ёстой байгууллага гэж хэлж байсан гэсэн. Багш нь сурагчаа зодсон байхад сургуулийн захиргаа арга хэмжээ авахгүй байх юм бол уг нь сурагчдын зөвлөл байр сууриа илэрхийлэх ёстой юм шиг санагддаг юм. Гэтэл манай сургуульд ч, ер нь бусад сургуульд ч сурагчдын зөвлөл сургуулийн захиргаанд ямар ч нөлөө үзүүлж чаддаггүй.
  • Сурагчдын зөвлөлийн дарга гэхээрээ л бусад сурагчидтайгаа дээрэнгүй харьцаж болдог, эрх мэдэлтэй юм шиг байдал манай сургууль дээр бий. Эргээд бие биенийхээ эрхийг зөрчсөн тохиолдлууд зөндөө гардаг.

Ардчилсан орнуудад сургуулиудад Сурагчдын өөрийн удирдлага гэсэн байгууллага ажилладаг. Захирлын тушаалаар, нийгмийн ажилтан, эсвэл багшийн хүссэнээр үүнийг үүсгэдэггүй, сурагчид өөрсдийн эрх ашгаа хамгаалах гэж өөрсдөө санаачлан байгуулдаг. Ингэхдээ зөвхөн ахлах ангид бус анги бүрт сонгууль явуулж, төлөөлөгчөө сонгоно. Яагаад гэвэл, тэр сургуульд сурч буй нэгдүгээр ангийн хүүхэд ч, тавдугаар ангийнх ч эрхээ хамгаалуулах ёстой.

Манайд ихэнх тохиолдолд ахлах ангийн хүүхдүүд зөвлөл байгуулсан нэр зүүж багш, захирлынхаа гар хөл болдог. Уг нь 1-11-р анги хүртэл сурагчдын сургуулийн үйл ажиллагаанд оролцох оролцоог тогтмол, зөв утгаар нь явуулж чадвал хүүхдүүд насанд хүрээд нийгмийн амьдралд оролцоотой, хариуцлагатай, ухамсартай иргэн болж төлөвшинө.

Сурагчийн өөрөө удирдах байгууллагад ангийн дарга, онц сурлагатан л ордог гэсэн хайрцаглагдсан ойлголтыг халах нь зөв. Хамт олондоо нөлөөлж, идэвхжүүлж чадах, найзуудынхаа төлөө чин сэтгэлээсээ хандах хүн тэнд хэрэгтэй. Тэд “Би ангийнхныхаа эрх ашгийг хамгаалах ийм ийм ажил хийнэ” гэсэн өөрийн мөрийн хөтөлбөрөө гаргана. Ангиас хэдэн ч хүүхэд нэр дэвшиж болно, үүнийг хязгаарлаж болохгүй. Ангийнхан энэ дундаас өөрийн сонголтоо хийнэ. Хамгийн их санал авсан нь Сурагчийн зөвлөлд ангиа төлөөлөх хүнээр очно. Харин ангийнхан нь төлөөлөгчийнхөө хойноос байнга санаа тавина, ажлыг нь хянана, үнэлнэ. Нэг ангид дунджаар 35 хүүхэд сурах байтал 45-уулаа сурч, нэг ширээн дээр гурваараа сууж байна. Энэ нь хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, нуруу бөгтийж, уушиг муудаж байна. Багш хүүхэд бүртэй тулж ажиллаж чадахгүй байна, тэр хэрээр сурагчид мэдлэгээ дутмаг авч байна… Энэ мэтээр эрх зөрчигдөж байгаа тохиолдол бүрт ангиас сонгогдсон нөгөө төлөөлөгч тэмцэх үүрэгтэй юм.

(Ардчиллын боловсрол төвийн захирал Г.Ундралын ярилцлагаас)

Судалгаанд оролцогчдын сурдаг болон сурч байсан сургуулиудын хувьд нийтлэгээр ажиглагдаж байсан зүйл бол сурагчдын өөрөө удирдах байгууллага нь сургуулийн явуулдаг үйл ажиллагааг сурагчдад сурталчилах, тэднийг тэдгээр үйл ажиллагаанд идэвхитэй хамруулахад хөшүүрэг болох, ниймийн ажилтан болон сургуулийн захиргааны даалгавраар багш нарын баяр, анги тохижилт, тэмдэглэлт өдрүүдээр сурагчдыг зохион байгуулах, зар тараах, сургуулийн сурагчдын дэг журмыг сахиулж, тэдний дунд зөрчил гаргахгүй байх талаар сургуулийн захиргааны өмнө хариуцлага хүлээх зэргээр тодорхойлогддог ажээ.  Үүнээс дүгнэвэл сурагчид иргэний боловсрол, иргэний оролцооны талаар мэдлэг байхгүй, улмаар сурагчдын эрх ашгийг сургуулийн орчинд хамгаалах, сурагчдад ээлтэй орчинг бүрдүүлэхэд хөшүүрэг болох зорилготой сурагчдын өөрөө удирдах байгууллагынхаа мөн чанарыг мэдэхгүй, ойлгохгүй байгаа нь тод ажиглагдлаа.

“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл



[1] “Сургуулийн сайн засаглал” түүвэр судалгааны тайлан: ХИС-2010 он

[2] Ерөнхий боловсролын сургуульд сурагцагчдын бие махбодид халдах, хуульд заагаагүй төлбөр хураамж авах, ялгаврлан гадуурхалтын байдал” суурь судалгааны тайлангаас:ХИС, МХЕГ, JICA -2009 он

[3] Ерөнхий боловсролын сургуульд сурагцагчдын бие махбодид халдах, хуульд заагаагүй төлбөр хураамж авах, ялгаврлан гадуурхалтын байдал” суурь судалгааны тайлангаас: ХИС, МХЕГ, JICA -2009 он

[4] “Сургуулийн сайн засаглал” түүвэр судалгааны тайлан: ХИС-2010 он

[5] Ерөнхий боловсролын сургуульд сурагцагчдын бие махбодид халдах, хуульд заагаагүй төлбөр хураамж авах, ялгаврлан гадуурхалтын байдал” суурь судалгааны тайлангаас:ХИС, МХЕГ, JICA -2009 он

 

 

 

Сэтгэгдэл бичих